автомат. Нэгдгээр асуудал. Автоматын зориулалт, ернхий бтэц, тактиктехникийн ггдхн
Скачать 0.55 Mb.
|
Нэгдүгээр асуудал. Автоматын зориулалт, ерөнхий бүтэц, тактик-техникийн өгөгдөхүүн Калашниковын 7.62 мм-ийн сайжруулагдсан автомат (1 дүгээр зураг) нь хүн нэг бүрийн зэвсэг бөгөөд эсрэг талын амьд хүчийг устгах зориулалттай. Гардан байлдаанд эсрэг талын амьд хүчийг устгахын тулд автоматанд хутган жадыг угсарч хэрэглэнэ. 1 дүгээр зураг. Калашниковын автоматын ерөнхий байдал: а - модон мөрлөгчтэй (AKM), б - эвхэгддэг мөрлөгчтэй (AKMC) Автоматын буудлаганд 1943 оны загварын ердийн (ган зүрхэвчтэй), гэрэлтүүлэгч, хуяг нэвтлэгч - шатаагч хошуутай сумнуудыг хэрэглэнэ. Автоматаар “автомат” ба “нэгийн” галаар буудах ба “автомат” гал нь түүний үндсэн галын төрөл бөгөөд энэ нь богино (5 сум хүртэл), урт (10 сум хүртэл) хэсэгчилсэн ба тасралтгүй галаар буудна. Буудлаганд 30 сумны багтаамжтай хайрцаган магазинаас сум өгөгдөнө. Автомат нь дараах үндсэн эд анги, механизмуудаас бүрдэнэ (2 дугаар зураг): 1. гол төмрийн хайрцаг, хараа хэрэгсэл, мөрлөгч, гар бариултай гол төмөр; 2. гол төмрийн хайрцгийн таг; 3. хийн бүлүүртэй замгийн хүрээ; 4. замаг; 5. буцаах механизм; 6. гол төмрийн нуруувчтай хийн яндан; цохих буулгах механизм; 8. онгоц; 9. магазин; 10. хутган жад. Калашниковын 7.62 мм-ийн сайжруулагдсан автоматын “автомат” ажиллагааны зарчим нь хонгионы доторх шатсан даринаас үүссэн хийн даралт гол төмрийн цоорхой, хийн хоолойгоор дамжин хийн бүлүүрийн урд талбайд дарж, замагтай замгийн хүрээг ухраахад үндэслэгдэнэ 2 дугаар зураг. Автоматын үндсэн эд анги, механизмууд: 1. гол төмрийн хайрцаг, хараа хэрэгсэл, мөрлөгч, гар бариултай гол төмөр; 2. гол төмрийн хайрцгийн таг; 3. хийн бүлүүртэй замгийн хүрээ; 4. замаг; 5. буцаах механизм; 6. гол төмрийн нуруувчтай хийн яндан; 7. онгоц; 8. сүмбэ; 9. магазин; 10. хутган жад; 11. дагалдах хэрэгсэл. Тактик-техникийн өгөгдөхүүн
Хоёрдугаар асуудал. Автоматын эд анги, механизмуудын үүрэг, зохион байгуулалт 1. Гол төмрийн хайрцаг, хараа хэрэгсэл, мөрлөгч, гар бариултай гол төмөр Гол төмөр (3 дугаар зураг) нь сумны хошууны нисэлтийг чиглүүлэх үүрэгтэй. Түүний дотор талд 4 ширхэг бянт, сумны байр байхаас гадна хийн хоолойн харалдаа цоорхой, түүгээр шатсан дарин цэнэгээс үүссэн хийн даралт гадагшаа урсан гарна. Бянт зүүнээс баруун тийш эргэлттэй ба сумны хошуунд эргэх хөдөлгөөнийг үүсгэнэ. Хоёр бянтны хоорондох зайг тал, эсрэг талуудын хоорондох зайг гол төмрийн калибр гэнэ. Тэр нь 7.62 мм-ийн хэмжээтэй байдаг. Гол төмрийн дотор талд бянтгүй хонгионы хэлбэртэй хэсгийг сумны байр гэнэ. Гол төмрийн гадна талд резьба, овоо харааны суурь, хийн хоолой, самбар харааны суурь байдаг. Гол төмрийн амсарын резьбанд хоосон сумаар буудах цөн (втулка) эргэдэж бэхлэгдэнэ. Овооны сууринд (4 дүгээр зураг) сүмбэ, хутган жадны ишний тулгуур, овооны мөлхөгчийн нүх, овоо хамгаалагч, пүрштэй тогтоогч байдаг. Тогтоогч нь хоосон сумаар буудах цөн, гол төмрийн бөгжийг барьж, тэрчлэн гол төмрийн сувгийг цэвэрлэх үед дагалдах хэрэгслийн тагийг эргүүлэхгүй тогтоох үүрэгтэй. 3 дугаар зураг. Гол төмөр: а-гадаад байдал, б-сангийн ангийн зүсэлт, в-гол төмрийн огтлол, 1-бянттай хэсэг, 2-сумны хошууны оролт, 3-сумны байр, 4-резьба, 5-овооны суурь, 6-хийн хоолой, 7-холбох бөгж, 8-харааны суурь, 9-гол төмрийн сүлбээрийн ухаадас. 4 дүгээр зураг. Овооны суурь: а-бөгжтэй гол төмөр, б-тэнцвэржүүлэгчтэй, 1-сүмбэ, хутган жадны тулгуур, 2-овоотой мөлхөгч, 3-овооны хамгаалагч, 4-бэхлэгч, 5-гол төмрийн бөгж, 6-тэнцвэржүүлэгч Гол төмрийн хайрцаг (5 дугаар зураг) нь автоматын бүх эд анги механизмуудыг холбох, гол төмрийн сувгийг замгаар хаах, замгийг түгжих үүрэгтэй. Гол төмрийн хайрцаг дотор цохих-буулгах механизм байрлах ба тэнд замагтай харьцах 2 тулгуур байдаг. 5 дугаар зураг. Гол төмрийн хайрцаг: а-АКМ, б-АКМС, 1-ухаадас, 2-хонгио цацруулагч, 3-махийлгах, 4-чиглүүлэх төвгөр, 5-хаалт, 6-тууш ховил, 7-хөндлөн ховил, 8-магазины түгжээ, 9-гохны хүрээ, 10-гар бариул, 11-мөрлөгч, 12-холбох цөнгийн хүн, 13-мөрлөгч бэхлэх төвгөрийн нүх. Хараа хэрэгсэл нь автоматыг цель рүү чиглүүлэх, цель хүртлэх зайг тохируулах үүрэгтэй. Тэр нь овоо, хараанаас (6 дугаар зураг) бүрдэнэ. Овоо хараа нь овоо, суурь, мөлхөгчөөс бүрдэнэ. Хараа нь суурь, самбар, онь, гүйгч, хавтгай пүршнээс бүрддэг. Самбар хараан дээр 1-10 хүртэл тоо тавигдсан байх ба энэ нь бай хүртэлх зайг 100 метрээр үржүүлснийг заана. “П” үсэг гүйгчийн байнгын байрлал буюу “З” дээр тавьсантай тэнцэх өнцөг гол төмөрт үүсгэдэг. 6 дугаар зураг. Хараа: 1-харааны суурь, 2-сектор, 3-харааны самбар, 4-гүйгч, 5-харааны самбарын дэл, 6-гүйгчийн түгжээ Мөрлөгч, гар бариул (7 дугаар зураг) нь автоматыг ашиглах, түүнтэй харьцах ажиллагааг тохиромжтой болгох үүрэгтэй. Модон мөрлөгчид оосрын сэнж, тагтай дагалдах хэрэгслийн үүр, мөрлөгчийн таг бэхлэгдсэн байна. Мөрлөгчийн үүрэнд дагалдах хэрэгслийг түлхэх пүрш байдаг. 7 дугаар зураг. Мөрлөгч, гар бариул: а-модон мөрлөгч, б-эвхэгддэг мөрлөгч, в-эвхэгддэг мөрлөгчийг задалсан байдал, 1-оосрын сэнж, 2-дагалдадх хэрэгслийн үүр, 3-аравч, 4-таг, 5-дагалдах хэрэгсэлтэй пүрш, 6-татуурга, 7-мөрний тулгуур, 8-холбох цөн, 9-гайка, 10-мөрлөгч бэхлэгч, 11-холбох шилбэ, 12-сэнжтэй шайба, 13-өмсгөл, 14-пүрш, 15-сүлбээр, 16-гар бариул Эвхэгддэг мөрлөгч нь 2 татуурга, мөрний тулгуур, гайкатай холбогч цөн, мөрлөгчийн холбогч шилбэтэй 2 тогтоогуур, оосрын сэнжтэй шайб, колпак /өмсгөл/, пүрш ба 3 ширхэг сүлбээрээс бүрдэнэ. Татуургын чигүүд ба шайбыг мөрлөгчийн холбогч цөнд өмсгөж гайкаар бэхлэнэ. Мөрлөгчийг эвхсэн ба тэнийлгэсэн байдалд барих үүрэгтэй мөрлөгчийн тогтоогуурын шүд 2 нүхийг татуургын чихүүдэд гаргасан байдаг. Холбогч шилбэний тусламжтай тогтоогуурыг хооронд нь холбосон байх ба колпак дээр дарахад баруун тийш, пүршний хүчээр зүүн тийш буцаж хөдлөнө. 2. Гол төмрийн хайрцгийн таг (8 дугаар зураг) нь гол төмрийн хайрцгийн доторх эд анги, механизмуудыг гадны нөлөөлөл, бохирдлоос хамгаална (цас, бороо, шороо г.м). Түүний баруун талд нь хонгио гадагш хаягдан гарах, замгийн хүрээний бариул гүйх шатлалтай огтлоц байдаг. Мөн хойд талд нь буцаах механизмын чиглүүлэх шилбэний түгжээ орох нүх байна. Тагийг гол төмрийн хайрцаганд харааны хагас дугуй огтлоц, гол төмрийн хайрцгийн хөндлөн ховил, буцаах механизмын чиглүүлэх шилбэний улаар тогтооно. 8 дугаар зураг. Гол төмрийн хайцгийнтаг: 1-шатлалтай ухаадас, 2-нүх, 3-бэхэлгээний хавирга 3. Хийн бүлүүртэй замгийн хүрээ (9 дүгээр зураг) нь замаг, цохих-буулгах механизмыг ажиллагаанд оруулах үүрэгтэй. Замгийн хүрээний дотор талд буцаах механизм ба замаг орох сувгууд, хойд талд нь хамгаалагч төвгөр байдаг. Хоёр хажуу талд нь гол төмрийн хайрцагийн тулгууртай харьцах замгийн хүрээний ховил, баруун талд нь автобуулгагчийн хөшүүргийг буулгах (эргүүлэх) төвгөр, автоматыг дахин сумлах бариул, доод талд нь замгийн хөтлөгч төвгөр орох хэлбэрт ухаадас ба гол төмрийн хайрцгийн үсэргэгч төвгөр орох ховилууд байдаг. 9 дүгээр зураг. Хийн бүлүүртэй замгийн хүрээ: 1-замгийн суваг, 2-хамгаалах төвгөр, 3-автобуулгагч, 4-автобуулгагчийн хөшүүргийг буулгах төвгөр, 5-бариул, 6-хэлбэрт ухаадас, 7-цацруулах төвгөрийн ховил, 8-хийн бүлүүр 4. Замаг (10 дугаар зураг) нь магазины сумыг гол төмрийн сумны байранд хүргэх, гол төмрийн сувгийг хаах, сумны бялтыг тэслэх, буудагдсан сумны хонгиог гол төмрийн сумны байрнаас суга татан авч хонгио цацруулагчид хүргэх зэрэг үүрэгтэй. Замаг нь их бие, цохигч, гол ба пүрштэй хонгио хаягч, сүлбээрээс бүрдэнэ. Эдгээрээс гадна замаганд 3 үүрэгтэй 4 ширхэг төвгөр байдаг. 1. Сум түлхэгч төвгөр нь магазины ээлжийн сумыг гол төмрийн сумны байранд хүргэнэ, 2. Замгийг хөтлөгч төвгөр нь замгийн хүрээний хэлбэрт ухаадастай харьцаж, замгийг тэнхлэг дээр нь 200-300 зөв (буруу) эргүүлнэ, 3. Байлдааны 2 төвгөр нь гол төмрийн хайрцгийн 2 тулгууртай харьцаж, гол төмрийн сувгийг хаана. 10 дугаар зураг. Замаг: а-замгийн их бие, б-цохигч, в- хонгио хаягч, 1-хонгионы ёроолын аяга, 2-хонгио хаягчийн ухаадас, 3-хөтлөх төвгөр, 4-хонгио хаягчийн голын нүх, 5-байлдааны төвгөр, 6-цацруулах төвгөрийн тууш ховил, 7-хонгио хаягчийн пүрш, 8-хонгио хаягчийн гол, 9-сүлбээр Замгийн их биенд гол төмрийн хайрцаганд байрлах хонгио цацруулагчтай харьцах ухаадас, мөн хонгионы ёроол орох аяга хийгдсэн байдаг. 5. Буцаах механизм (11 дүгээр зураг) нь замагтай замгийн хүрээг хойд байрлалаас урьд байрлал руу буцаах үүрэгтэй. Тэр нь буцаах пүрш, хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй чиглүүлэх шилбэнүүд, цоожлогчоос бүрдэнэ. Хөдөлгөөнгүй чиглүүлэх шилбэ нь хойд үзүүртээ пүршний тулгуур, гол төмрийн хайрцагт угсрагдах ул, гол төмрийн хайрцгийн тагийг тогтоох төвгөр байдаг. 11 дүгээр зураг. Буцаах механизм: 1-буцаах пүрш, 2-чиглүүлэх шилбэ, 3-хөдөлгөөнт шилбэ, 4-бөгж 6. Гол төмрийн нуруувчтай хийн яндан (12 дугаар зураг) нь хийн бүлүүрийн хөдөлгөөнийг чиглүүлэх үүрэгтэй. Мөн түүнийг халсан үед буудагчийн гарыг түлэгдэхээс хамгаална. Тэр нь хийн яндан, урд ба хойд холбогч бугуйвчууд, гол төмрийн нуруувч, хагас дугуй төмөр цагаригаас бүрдэнэ. Хийн яндан нь гол төмөр доторх хийг замгийн хүрээн дэх хийн бүлүүр рүү чиглүүлнэ. 12 дугаар зураг. Гол төмрийн нуруувчтай хийн яндан: 1-хийн яндан, 2-хийн бүлүүрийг чиглүүлэх хавирга, 3- холбох урд бөгж, 4-гол төмрийн нуруувч, 5-холбох хойд бөгж, 6-төвгөр. 7. Цохих-буулгах механизм (13 дугаар зураг) нь чавхыг байлдааны ба автобуулгагчийн салаанаас мултлах, цохигчийг цохих, “нэгийн” ба “автомат” галаар буудах ажиллагааг хангах, буудлага зогсоох, замаг дутуу хаагдсан үед буудахгүй байх, автоматыг гал хамгаалагчид тавих үүрэгтэй. 13 дугаар зураг. Цохих-буулгах механизмын эд ангиуд: а-чавх, б-байлдааны пүрш, в-буулгах гох, г-нэгийн галын оньс, д-автобуулгагч, ж-дамжуулагч, з-голууд, и-нэгийн галын оньсны пүрш, к-чавхны удаашруулагч, л-чавхны удаашруулагчийн пүрш, 1-байлдааны салаа, 2-автобуулгагчийн салаа, 3-махир үзүүрүүд, 4-гогцоо, 5-хэлбэрт төвгөр, 6-тэгш өнцөгт төвгөр, 7-сүүл, 8-ухаадас, 9-оньс, 10-хөшүүрэг, 11-түгжээ, 12-урд төвгөр, 13-сектор, 14-бул: Цохих-буулгах механизм нь гол төмрийн хайрцаг дотор байрлаж, харилцан бие биендээ солигдох 3 ширхэг голоор бэхлэгдэнэ. Цохих-буулгах механизм нь дараах эд ангиудаас бүрдэнэ: байлдааны пүрштэй чавх; 2. чавхны пүрштэй удаашруулагч; 3. нэгийн галын пүрштэй оньс; 4. пүрштэй автобуулгагч; 5. гал хамгаалагчийн хөшүүрэг; 6. голууд (3 ш). Байлдааны пүрштэй чавх нь цохигчийг цохих үүрэгтэй. Чавханд байлдааны ба автобуулгагчийн салаа, тэнхлэгийн углуурга хийгдсэн байна. Байлдааны пүршийг углуурганд тогтоож, өөрийн гогцоогоор чавханд үйлчилж, харин түүний үзүүрүүд нь буулгах гохонд тэгш өнцөгт үүсгэсэн байдалтай бэхлэгдэнэ. Чавхны удаашруулагч нь түүний хөдөлгөөнийг удаашруулж, “автомат” галаар буудахад сумны бөөн тусгалыг сайжруулах үүрэгтэй. Түүнд урьд ба хойд төвгөрүүд, гол орох нүх, пүрш хийгдсэн байдаг. Хойд төвгөрт нь чагтны тусламжаар тээглүүрийг бэхлэнэ. Буулгах гох нь чавхыг байлдааны салаанд сойх, буулгах үүрэгтэй. Түүнд хэлбэрт төвгөрт, гол орох нүх, тэгш өнцөгт төвгөрүүд ба сүүл (үзүүр) байдаг. Гох нь өөрийн хэлбэрт төвгөрөөрөө чавхыг байлдааны салаанд сойно. Нэгийн галын оньс нь нэгээр буудахад гохыг дарж, чавхыг хойд захын байрлалд тогтоох үүрэгтэй. Энэ нь пүрш, гол орох нүх, автоматаар буудахад гал хамгаалагчийн хөшүүргийн сектор орж оньсыг түгжинэ. Yүнээс гадна энэ огтлоц нь гал хамгаалагчийн хөшүүргийг хаахад секторын урагш эргэх хөдөлгөөнийг хязгаарлана. Пүрштэй автобуулгагч нь буудахад чавхыг автобуулгагчийн салаанаас чөлөөлөх ба гол төмрийн суваг замгаар гүйцэд хаагдаагүй үед чавхыг буулгахгүй байх үүрэгтэй. Түүнд чавхыг автобуулгагчийн салаанд тогтоох оньс, замгийн хүрээг урьд байрлалд шилжихэд автобуулгагчийг эргүүлэх хөшүүрэг, пүрш байна. Автобуулгагч ба пүрш нь нэг гол дээр байрлах бөгөөд пүршний богино үзүүр нь автобуулгагчид, урт нь гол төмрийн хайрцгийн дагуу чиглэн, автобуулгагч, чавх, гохны голуудын цагариг ухаадасанд орж, тэдгээрийг тогтооно. Гал хамгаалагчийн хөшүүрэг нь автоматыг “нэгийн” ба “автомат” галд шилжүүлэх, түүнчлэн гал хамгаалагчид тавьж, автоматын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гал хамгаалагчийн хөшүүргийг хамгийн доод буюу “нэгийн” галын “ОД”, дунд буюу “автомат” галын “АВ” дээд буюу гал хамгаалагчийн “ПР” байрлалд тус тус шилжүүлж ашиглана. Голууд нь цохих-буулгах механизмыг гол төмрийн хайрцганд бэхлэх үүрэгтэй. 8. Онгоц (14 дүгээр зураг) нь буудлагын үед автоматтай харьцах ажиллагааг тохиромжтой болгохоос гадна автоматчины гарыг түлэгдэхээс хамгаалах үүрэгтэй. Түүнийг холбох бугуйвчаар гол төмрийн доод талд, хойд төвгөрийг гол төмрийн хайрцгийн үүрэнд оруулан суулгаж бэхэлнэ. 14 дүгээр зураг. Онгоц: 1-хурууны тулгуур, 2-төвгөр, 3-металл хавчуурга, 4-ухаадас 9. Магазин (15 дугаар зураг) нь сум агуулах, буудлагын үед автоматыг сумаар хангах үүрэгтэй. Энэ нь их бие, таг, пүрш, сум өгөгчөөс бүрдэнэ. 15 дугаар зураг. Магазин: 1-их бие, 2-таг, 3-тогтоох самбар, 4-пүрш, 5-өгөгч, 6-тулгуур твгөр, 7-тээг Их биеийн гадна талын хойд дээд үзүүрт магазины тээг байх бөгөөд түүгээрээ гол төмрийн хайрцагт бэхлэгдэнэ. Мөн их биеийн хойд ханын доод талд магазин сумаар дүүрсэнийг тодорхойлох нүх байдаг. Их биеийн доод талыг тагаар таглах ба түүнд цоожлогч самбарын төвгөр орох нүх бий. Их биеийн дотор талд сум өгөгч ба цоожлогч самбартай пүрш байрлана. 10. Хутган жад (16 дугаар зураг) нь давшилтанд ороход автоматанд угсарч, гардан байлдаанд амьд хүчийг устгах үүрэгтэй. Бусад үед түүний хутга, хөрөө, хайчны зориулалтаар ашиглаж болно. Хутган жад нь ир, бариулаас бүрдэх бөгөөд бариулаар нь автоматанд бэхлэнэ. Түүний хуй (17 дугаар зураг) нь хутган жадыг бүсэнд зүүж авч явах зориулалттай. Түүнд бэхэлгээтэй оосор, төвгөрт гол, хайчны зориулалтаар ашиглахад эргэлтийг хязгаарлах тулгуур, дотор талд хутган жадыг тогтоох зориулалттай хавтгай пүрш байдаг. 16 дугаар зураг. Хутган жад: а-хуучин загвар, б-шинэ загвар, 1-ир, 2-бариул, 3-түгжээ, 4-цагариг, 5-хөрөө, 6-нүх, 7-таслах хөвөө, 8-оосор, 9-хумс, 10-төвгөр, 11-хамгаалах төвгөр, 12-үзүүрэвчийн эргэ, 13-тууш ховил. 17 дугаар зураг. Хуй: а-хуучин загвар, б-шинэ загвар, 1-бэхэлгээтэй зүүлт, 2-резинэн үзүүрэвч, 3-төвгөрт гол, 4-тулгуур, 5-хуванцар их бие Гуравдугаар асуудал. Автоматын хагас задаргаа ба эвлүүлэг Автоматын хагас задаргааг арчиж цэвэрлэх, тослох зэвсгийн үзлэгийн үеүдэд хийдэг. Автоматын хагас задаргааг дараах дэс дарааллаар гүйцэтгэнэ: 1. Автоматаас магазиныг салгах. Зүүн гараараа автоматын мөрлөгчийн хүзүү буюу онгоцноос барьж (18 дугаар зураг) баруун гараар магазиныг атган эрхий хуруугаар тээглүүрийг дарж, магазиныг урагш болгон салгана. 18 дугаар зураг. Магазиныг салгах Сумны байранд сум байгаа эсэхийг шалгах. Гал хамгаалагчийн хөшүүргийг доод байрлалд шилжүүлэн, замгийн хүрээний бариулаас хойш нь татаж, сумны байранд сум байгаа эсэхийг шалган тавьж, чавхыг байлдааны салаанаас буулгана. 2. Савтай дагалдах хэрэгслийг гаргах. Баруун гарын хуруугаар мөрлөгчийн үүрний тагийг түлхэхэд дагалдах хэрэгсэлтэй сав пүршээр түлхэгдэн гарна. Савыг нээж арчигч, тослогч, халив, суга цохигчийг гаргаж тавина. Эвхэгддэг мөрлөгчтэй автоматын дагалдах хэрэгсэл нь подсумканы халаасанд хадгалагдана. 3. Сүмбийг салгах. Сүмбэний толгойг гол төмрийн овооны суурины тулгуураас гаргаж (19 дүгээр зураг) сүмбийг дээш сугалан авна. Түүнийг салгахдаа суга цохигчийг ашиглаж болно. 19 дүгээр зураг. Сүмбийг салгах 4. Гол төмрийн хайрцгийн тагийг салгах. Зүүн гараараа мөрлөгчийн хүзүүнээс атгаж, эрхий хуруугаар буцаах механизмын чиглүүлэгч шилбэний төвгөрийг дарж, баруун гараар гол төмрийн хайрцгийн тагны хойд талаас дээш өргөн хойш татаж авна (20 дугаар зураг). 20 дүгээр зураг. Гол төмрийн хайрцгийн тагийг салгах 5. Буцаах механизмыг салгах. Зүүн гараар автоматын мөрлөгчийн хүзүүнээс барьж, баруун гараар буцаах механизмын чиглүүлэх шилбэний улыг гол төмрийн хайрцгийн тууш ховилоос гартал урагш нь түлхэн дээш өргөж (21 дүгээр зураг), замгийн хүрээний сувгаас буцаах механизмыг сугалан гаргана. 21 дүгээр зураг. Буцаах механизмыг салгах 6. Замагтай замгийн хүрээг салгах. Автоматын мөрлөгчийн хүзүүнээс зүүн гараараа барьж, баруун гараар замгийн хүрээг хойш нь тултал татаж дээш өргөн (22 дугаар зураг) гол төмрийн хайрцгаас салгана. 22 дугаар зураг. Замагтай замгийн хүрээг салгах 7. Замгийг замгийн хүрээнээс салгах. Замгийн хүрээг зүүн гартаа дээш харуулан барьж (23 дугаар зураг), баруун гараар замгийг хойш нь тултал эргүүлэн замгийн хөтлөгч төвгөрийг хэлбэрт ухаадаснаас гаргаж, замгийг урагш нь сугалан авна. 23 дугаар зураг. Замгийг замгийн хүрээнээс салгах 8. Гол төмрийн нуруувчтай хийн янданг салгах. Автоматыг зүүн гартаа барьж, баруун гараар дагалдах хэрэгслийн савыг барин түүний тэгш өнцөгт нүхийг хийн яндангийн дарцагт оруулан босоо байрлалд эргүүлж (24 дүгээр зураг), хийн янданг дээш нь өргөн хийн хоолойн толгойноос салгаж авна. 24 дүгээр зураг. Дагалдах хэрэгслийн савны тусламжтай хийн яндангийн цоожлогчийг эргүүлэх Автоматын эд анги, механизмуудыг зүүнээс баруун тийш авсан дарааллаар тавьж, автоматын эвлүүлэгийг хагас задаргааны эсрэг дарааллаар гүйцэтгэнэ: 1. Гол төмрийн нуруувчтай хийн янданг угсрах. Автоматыг зүүн гараараа барьж, баруун гараар хийн янданг урд талаар нь хийн хоолойд углаж, хойд талыг нь гол төмөр рүү дарж суулгана. Дагалдах хэрэгслийн савны тусламжтайгаар дарцагийг доош нь дарж тогтоогч хонхорт оруулна. 2. Замгийг замгийн хүрээнд угсрах. Замгийн хүрээг зүүн гартаа дээш нь харуулан барьж, баруун гараар замгийн хүрээний хэлбэрт ухаадасанд замгийн хөтлөгч төвгөрийг оруулан тултал нь эргүүлнэ. 3. Замагтай замгийн хүрээг гол төмрийн хайрцганд угсрах. Баруун гарын эрхий хуруугаар замгийг урд байрлалд түлхэж, замагтай замгийн хүрээг гартаа барина. Зүүн гараар мөрлөгчийн хүзүүнээс атгаж, баруун гараар хийн бүлүүрийг харааны хөндийд оруулан замгийн хүрээг урагш түлхэж, гол төмрийн хайрцгийн тулгуурыг замгийн хүрээний ховилуудад оруулахын тулд түүнийг бага зэргийн хүчээр гол төмрийн хайрцаг руу шахаж оруулан урагш нь тулгана. 4. Буцаах механизмыг угсрах. Баруун гараар буцаах механизмыг замгийн хүрээний сувагт оруулан, хөдөлгөөнтэй чиглүүлэгч шилбийг урагш түлхэж, буцаах пүршийг шахаж, хөдөлгөөнгүй чиглүүлэх шилбэний улыг гол төмрийн хайрцгийн ховилд оруулна. 5. Гол төмрийн хайрцгийн тагийг угсрах. Гол төмрийн хайрцгийн тагны урд талыг харааны суурийн хагас дугуй огтлолцолд оруулан, баруун гарын алгаар тагийг хойноос нь урагш доош дарж, буцаах механизмын чиглүүлэх шилбэний төвгөрийг гол төмрийн хайрцгийн тагны нүхэнд оруулна. 6. Буулгах гохыг дарж, чавхыг байлдааны салаанаас буулгаж (мулталж) гал хамгаалагчийн хөшүүргийг “ПР” байрлалд шилжүүлнэ. 7. Сүмбийг угсрана. 8. Дагалдах хэрэгсэлтэй савыг мөрлөгчийн үүрэнд оруулах. Дагалдах хэрэгслийг саванд нь хийж таглаад ёроолоор нь мөрлөгчийн үүрэнд хийж үүрийг тагаар нь хаалгана (25 дугаар зураг). 25 дугаар зураг. Дагалдах хэрэгсэлтэй савыг мөрлөгчийн үүрэнд оруулах АКМС-ийн дагалдах хэрэгсэл нь подсумканы халаасанд байна. 9. Магазиныг автоматанд угсрах. Автоматыг зүүн гараар онгоц ба нуруувчнаас барин баруун гараар магазиныг атгаж гол төмрийн хайрцгийн цонхонд оруулан (26 дугаар зураг) магазины тээгийг тулгуурын цаагуур оруулна. 26 дугаар зураг. Магазиныг угсрах Дөрөвдүгээр асуудал. Автоматын иж бүрдэл, сумны бүтэц, төрлүүд Автоматын иж бүрдэлд оосор, сүмбэ, дагалдах хэрэгсэл, тосны сав, подсумка, 4 ширхэг магазин орно. Сүмбийг автоматын гол төмрийн суваг, бусад эд ангиудыг цэвэрлэх, тослоход хэрэглэнэ. Сүмбэнд суга цохигчийг оруулах нүхтэй толгой, арчигч, тослогчийг эргэдэх резьба, үзүүр хэсэгт нь даавуу, задгай олсыг тогтоох нэвт нүх байдаг. Сүмбийг гол төмрийн доод талд тогтооно. Дагалдах хэрэгсэл (27 дугаар зураг) нь автоматыг арчиж цэвэрлэх, тослох, задлах угсрахад ашиглах зориулалттай. Түүний саванд арчигч, тослогч, халив, суга цохигч, сүлбээр байх бөгөөд савыг гол төмрийн сувгийг сүмбээр цэвэрлэхэд овоог халиваар болон дарцагийг эргүүлэхэд бариул болгон тус тус ашиглана. Тосны сав нь бууны шингэн тос хадгалах зориулалттай, подсумканы халаасанд хадгалагдана. 27 дугаар зураг. Дагалдах хэрэгсэл: 1-сүмбэ, 2-арчигч, 3-тослогч, 4-халив, 5-суга цохигч, 6-сүлбээр, 7-сав, 8-таг, 9-тосны сав Сумны бүтэц, төрлүүд Автоматын байлдааны сум (28 дугаар зураг) нь хошуу, хонгио, дарин цэнэг, бялтаас бүрдэнэ. Сумны хошуу нь шатсан дарин цэнэгийн үйлчлэлээр хонгионоос мултарч, гол төмрийн бянтнуудын тусламжтайгаар гол төмрөөс мултран гарч бай ба целийг устгах үүрэгтэй. 28 дугаар зураг. Байлдааны сум: 1-хошуу, 2-хонгио, 3-дарин цэнэг, 4-бялт, 5-хүзүү, 6-гурив (цацариган ховил), 7-дөш, 8-оч гарах нүх, 9-цохигдох найрлага (тэсрэх бодис) 1943 оны загварын сумыг ердийн хошуутай ба тусгай зориулалтын гэрэлтүүлэгч, хуяг нэвтлэгч-шатаагч хошуутай үйлдвэрлэдэг. Тусгай зориулалтын хошуутай сумны толгойн хэсгийг ялгах өнгөөр будсан байдаг. Ердийн хошуу (29 дүгээр зураг а) нь эсрэг талын ил ба далдлагдсан амьд хүчийг устгах зориулалттай. Ердийн хошуу нь зэс-гуулийн хайлшаар хучигдсан бүрхүүл, ган зүрхэвчээс бүрдэнэ. Ган зүрхэвч нь тугалган давхрагатай. 29 дүгээр зураг. Сумны хошуу: а-ган зүрхэвчтэй ердийн, б-гэрэлтүүлэг, в-хуяг нэвтлэгч-шатаагч, 1-бүрхүүл, 2-ган зүрхэвч, 3-хар тугалган давхрага, 4-зүрхэвч (хар тугалга), 5-бортого, 6-гэрэлтүүлэх найрлага, 7-ёроол (хар тугалга), 8-шатаах найрлага, 9-үзүүрэвч Гэрэлтүүлэгч хошуу (29 дүгээр зураг б) нь эсрэг талын амьд хүчийг устгах, целийг заах, гал удирдах зориулалттай. Гэрэлтүүлэгч хошууны толгойд зүрхэвч, ёроолд нь гэрэлтүүлэгч бодис чигжсэн бортого байдаг. Буудлагын үед дарин цэнэгийн дөл гэрэлтүүлэгч бодисыг асааж өдөр ба шөнийн цагт тод харагдах гэрэлт мөрийг гаргана. Хошууны толгойн хэсэг ногоон өнгөтэй. Хуяг нэвтлэгч-шатаагч хошуу (29 дүгээр зураг в) нь 300 м хүртэл холын зайд хөнгөн хуягтын цаана байрласан эсрэг талын амьд хүчийг устгах, шатах шингэнийг асаах үүрэгтэй. Хуяг нэвтлэгч-шатаагч хошуу нь зэс-гуулийн хайлшан бүрхүүлтэй үзүүрэвч, тугалган давхрагатай ган зүрхэвч, ёроол, шатаагч бүрхүүлээс бүрдэнэ. Хошуу хуяг дээр цохиход шатаах бүрхүүл асаж дөл нь ган зүрхэвчийн цоолсон нүхээр орж шатахууныг шатаана. Хошууны толгойн үзүүр хар, улаан өнгөтэй. Хонгио нь сумны эд ангиудыг холбох, дарин цэнэгийг гаднын нөлөөлөлөөс хамгаалах, замаг руу хий нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Түүнд дарин цэнэг агуулагдах ба хошууг бэхлэх хүзүү, ёроол байна. Ёроол, хонгио хаягчийн хумс орох цагариган ховил байдаг. Ёроолын дотор талд бялтны үүр, дөл гарах 2 нүх байна. Дарин цэнэг нь өндөр даралт үүсгэж хошуунд хөдөлгөөн оруулах үүрэгтэй. Бялт нь дарин цэнэгийг асаах үүрэгтэй. Тавдугаар асуудал. Автоматын эд анги, механизмуудын ажиллагаа а. Сумлаагүй автоматын эд анги, механизмын байдал Замаг, хийн бүлүүртэй замгийн хүрээ нь буцаах механизмын хүчээр хамгийн урд байрлалд байна. Хийн бүлүүр нь хийн хоолойн хэсэгт орсон, гол төмрийн суваг замгаар хаагдаж түгжигдсэн, буцаах механизмын пүрш бага зэрэг агшсан байна. Автобуулгагчийн урт хөшүүрэг замгийн хүрээний төвгөртэй харьцаж тэнхлэг дээрээ бага зэрэг урагшаа эргэж доошоо буусан байдаг. Чавх урагшаагаа бууж замганд тулсан, цохигч чавхны хүчээр урагшаагаа түлхэгдсэн байдаг. Байлдааны пүрш бага зэрэг шахагдан өөрийн хүчээр чавхыг замаг руу урагш нь шахна. Мөн байлдааны пүршний урт үзүүрүүд /2/ гохны тэгш өнцөгт үзүүрт дарж гол төмрийн хайрцгийн доод ёроолд наалдуулна. Иймд гохны үзүүр хамгийн урд байрлалд байна. Гал хамгаалагчийн хөшүүрэг хаагдаж, түүний сектор “нэгийн” галын оньс, байлдааны салаа хоёрыг дарж автомат гал хамгаалагчид тавигдсан байна. б. Автоматыг сумлах үеийн эд анги, механизмуудын ажиллагаа Автоматанд сумтай магазиныг угсрахад түүний доторх сум замгийн хүрээнд тулж бага зэрэг доошоо дарагдана. Гал хамгаалагчийн хөшүүргийг “АВ”-д тавихад, түүний сектор байлдааны салааг чөлөөлж, “нэгийн” галын оньсыг дарна. Замгийн хүрээний бариулаас барьж хойш нь татахад замгийн хүрээ 10-15 мм ухарч, замаг тэнхлэг дээрээ 200-300 буруу эргэж, гол төмрийн хайрцгийн байлдааны 2 тулгуураас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, замгийн хүрээний хэлбэрт ухаадастай замгийн хөтлөгч төвгөр харьцаж замаг тэнхлэг дээрээ эргэнэ. Үүний үр дүнд гол төмрийн суваг нээгдэж замагтай замгийн хүрээ хойшоо хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд буцаах механизм шахагдаж, чавх хойшоо дарагдан гол дээрээ эргэж, автобуулгагчийн богино хөшүүрэгэнд сойгдоно. Харин автобуулгагчийн урт хөшүүрэг дээш өргөгдөж, замгийн хүрээний төвгөртэй харьцахад бэлэн болдог. Магазины сум түүний пүршний тусламжтайгаар дээшээ 2-3 мм түлхэгдэнэ. Байлдааны пүрш шахагдаж чавханд хүч өгөхөд бэлэн болно. Замгийн хүрээг тавихад агшсан буцаах механизмын хүчээр урагшаа харвана. Энэ үед замгийн сум түлхэгч төвгөр ээлжийн сумыг (анхны) түлхэн магазинаас авч, гол төмрийн сумны байранд оруулна. Замаг гол төмрийн сувагт тулж зогсоход, замгийн хонгио авагч хумс сумны ёроолын ховилд шигдэнэ. Замаг гол төмөрт тулаад зогсоход замгийн хүрээ урагшаа хөдөлгөөнөө 10-15 мм үргэлжлүүлэх бөгөөд түүний хэлбэрт ухаадас замгийн хөтлөгч төвгөртэй харьцан, замаг тэнхлэг дээрээ баруун тийш 20-300 эргэж, гол төмрийн сувгийг хааж түгжинэ. Замгийн хүрээ урагшаа орохдоо өөрийнхөө төвгөрөөр автобуулгагчийн урт хөшүүргийг дарна. в. Автоматаар “автомат” галаар буудах үеийн эд анги, механизмуудын ажиллагаа Гал хамгаалагчийн хөшүүргийг доош нь дарж “АВ”-д тавихад хөшүүргийн сектор нэгийн галын оньсыг дарж, харин байлдааны салааг чөлөөлсөн учир гохыг дарахад тэнхлэг дээрээ арагшаа эргэх боломжтой болно. Гох дарахад тэнхлэг дээрээ арагшаа эргэн, чавх байлдааны салаанаас мултарч, байлдааны пүршний хүчээр урагшаа хүчтэй харваж цохигчийг цохино. Цохигч сумны бялтыг тэсэлж оч үүсгэнэ. Оч хонгионы доторх дарийг шатааж өндөр даралт (Р=300 кг/см2) үүсэж, сумны хошуу хонгионоос мултарч, гол төмрийн сувгаар 4 бянтанд зүсэгдэн давших, эргэх хөдөлгөөнд орж хурдаа нэмнэ. Сумны хошуу хийн хоолойн харалдаа очихоос өмнө гол төмөрт туйлын даралт (Р=2800 кг/см2) үүссэн байна. Сумны хошууны хурд (V) ихсэж, даралтын нэг хэсэг хийн хоолойгоор дамжин, хийн бүлүүрийн урд талбайд дарна. Хийн бүлүүртэй замгийн хүрээ 10-15 мм ухрахад, замаг тэнхлэг дээрээ баруун тийш 200-300 эргэж, чөлөөлөгдөн хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд, замгийн хонгио авагч хумс буудагдсан сумны хонгиог хойш нь авч явна. Гол төмрийн хайрцгийн хонгио цацруулагч (шүд) хонгиог 2-3 метрт шиднэ. Сумны хошуу гол төмрөөс гарч байнд шидэгдэнэ. Буудлага явагдана. Гол төмрөөс сумны хошуу гарсны дараа түүний араас урсан гарч байгаа хий (даралт) гол төмрийн үзүүрийн тэнцвэржүүлэгч дээр цохиж гол төмрийн чичиргээг багасгаж “автомат” галаар буудах үед сумны хошууны цацралт багасч, бай онох магадлал сайжирдаг. Дараачийн сумыг буудахад эд анги, механизмын ажиллагаа автоматыг анх сумлахтай адилхан боловч, чавх зөвхөн авто буулгагчийн богино хөшүүргэнд сойгдож, чавх удаашруулагчтай харьцаж буудлагын хурд саарна. Иймээс сумны хошууны цацралт мэдэгдэхүйц багасдаг. Бууны гохон дээр дарсан хэвээр байгаа тохиолдолд магазины сум дуустал буудна. Харин цөөхөн сум буудаад зогсооё гэвэл гохноос хуруугаа авахад буудлага зогсож, чавх байлдааны салаанд сойгдоно. Бууг дахин байнд чиглүүлж гох дарахад, буудлага үргэлжлэн сум дуусахад буудлага зогсож, чавх урагшаа бууна. Гохноос хурууг авахад гох өөрийн пүршний тусламжтай байрандаа орно. г. Автоматаар “нэгийн” галаар буудах үеийн эд анги, механизмуудын ажиллагаа Автоматаар нэгийн галаар буудахын тулд гал хамгаалагчийн хөшүүргийг “ОД”-д тавьж гох дарна. Гал хамгаалагчийн хөшүүргийг “ОД”-д шилжүүлэхэд түүний сектор байлдааны салаа, нэгийн галын оньсыг чөлөөлнө. Буудах үед чавх хоёр дахь удаагаа арагшаа ирэхдээ автобуулгагчийн богино хөшүүрэгэнд баригдах боловч замагтай замгийн хүрээ урагш ороход чавх нэгийн галын оньсонд сойгдоно. Учир нь бид анхны сумыг буудаад гохоо тавиагүй байгаа. Анхны сумны буудалт болох үед нэгийн галын оньс тэнхлэг дээрээ эргэж чавхыг барих боломжтой болсон байдаг. Буудагч гохоо тавихад чавх нэгийн галын оньсноос мултарч байлдааны салаанд сойгдоно. Дахин гох дарахад дараачийн (2 дахь) сум буудагдана гэх мэтээр дараа дараагийн сумыг буудна. Хамгийн сүүлчийн сум гарахад чавх байлдааны салаанд сойгдоно. Дахин гох дарж чавхыг байлдааны салаанаас буулгаж, гал хамгаалагчийн хөшүүргийг хаана. Зургаадугаар асуудал. Автоматаар буудах үеийн гацаа, түүнийг засах аргууд Автоматын эд анги, механизмтай зөв харьцаж арчилгааг тухайн үед нь хийвэл, автомат нь удаан хугацаанд найдвартай гацаагүй ажиллана. Гэвч эд анги механизмууд нь бохирдох, элэгдэх, автоматанд хайхрамжгүй хандах, гэмтэлтэй сум хэрэглэх зэргээс буудлагын үед гацаа гарч болно. Буудах үеийн гацааг засахын тулд дахин сумлах бариулыг хойш нь тултал татаж буудлагыг үргэлжлүүлнэ. Хэрэв гацаа засагдаагүй бол гацсан шалтгааныг тогтоож доорх хүснэгтэнд зааснаар гацааг засна.
Сэдэв : 7.62 мм-ийн автоматын үүрэг, зориулалт ТТӨ Зорилго : ХЦАХ-чдад галын бэлтгэл хичээлийн мэдлэг олгох Хугацаа : 2 цаг Хичээллэх байр : Хичээлийн танхим Ашигласан материал : БК-89, Байлдагчийн гарын авлага |